Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Жендэрийн үндэсний шинжээч Бадраагийн Долгор “Монгол Улсын гавьяат хуульч” цол хүртлээ.
Б.Долгор нь эрх зүйч мэргэжилтэй, хуульч цолтой, хууль зүйн ухааны магистр, Монголын Хуульчдын Холбооны гишүүн, улс төр судлаач, жендэрийн шинжээч. Тэрээр төрийн гурван эрх мэдэл болох: хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалын байгууллагуудад нийт 30 жил тасралтгүй ажилласны дотор УИХ-ын гишүүн /Монголын Эмэгтэй Парламентчдын бүлгийн ахлагч/, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус ажилласан юм. Б.Долгор Засгийн газрын тэргүүний буюу Ерөнхий сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх, эрх зүйн, нийгмийн, улс төрийн бодлогын зөвлөхөөр нийт 5 жил, Монгол Улсын сайд- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар 2 жил ажилласан байна.
Энэхүү хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны Дэд даргаар 7 жил ажиллаж, жендэрийн үзэл баримтлалыг Монгол Улсад нэвтрүүлэх ажлын удирдлага, зохицуулалтыг хариуцан гүйцэтгэхийн хамт Засгийн газраас санаачилсан 2011 онд батлагдан хэрэгжиж буй бүс нутагтаа төдийгүй олон улсад өндрөөр үнэлэгддэг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, УИХ-аар батлуулахад болон жендэрийн эрх тэгш байдлыг хангуулах үйлсэд чухал хувь нэмэр оруулсан юм.
Б.Долгор сүүлийн 8 жилд Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчээр ажиллаж, Монгол Улсын хууль тогтоомжид жендэрийн үнэлгээ хийх аргачлалыг боловсруулан, практикт хэрэглэх болон жендэрийн үндэсний, салбар, орон нутгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлд өөрийн мэдлэг чадвараа зориулан Хороо, түүний ажлын алба, салбар зөвлөл, хороодыг мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.
Монгол Улсын гавьяат хуульч цол тэмдгээр шагнагдсан Бадраагийн Долгор Танд халуун баяр хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.