post image

“ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЖИШИГ ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2023 оны 05-р сарын 15- ны өдөр НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам Чингэлтэй дүүрэгт “Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв”-ийг байгуулан нээлтээ хийлээ. Энэхүү жишиг төвийг байгуулахад Жендэрийн үндэсний хороо өнөөдрийг хүртэл үе шаттайгаар дараах ажлуудыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаа.

 

№1 "ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН НӨХӨН СЭРГЭЭХ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЖИШИГ ТӨВ БАЙГУУЛАХ БОЛСОН ҮНДЭСЛЭЛ" 

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 3.2.6-д “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, эдийн засгийн идэвх болон оролцоо, тулгамдаж байгаа асуудалд суурь судалгаа” явуулахаар төлөвлөсөн билээ.

 

Энэ төлөвлөгөөний дагуу 2019 онд “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” баримт бичгийн судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны арга аргачлалаар зохион байгуулж байсан юм.

 

Судалгаанд оролцогч эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, буруу дадал зуршлын талаар судлаж үзэхэд судалгаанд оролцогчдын үзсэнээр эрэгтэйчүүд сэтгэл гутрал, уур бухимдал, стрессээ архи уух, тамхи татах гэх мэт явцуу аргаар тайлдаг эрэгтэйчүүдийн дунд сэтгэл зүйн тулгамдсан асуудал маш их байдаг энэ нь амиа хорлох хүртэл хэмжээнд хурцаддаг гэсэн дүгнэлт гарчээ.

 

Иймээс хөвгүүд, эрэгтэйчүүд болон хүчирхийлэл үйлдэгчдэд зориулсан нөхөн сэргээх, сэтгэл зүйн засал, гэр бүл, хуулийн зөвлөгөө өгөх, эрэгтэйчүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилготой амьдарлын зөв дадал бий болгох зан үйлийн сайн дурын сургалт бүхий загвар төв байгуулах хэрэгцээ шаардлага бий болсон төдийгүй үүнийг илүү нарийвчлан судлах шаардлагатай гэж үзэн энэхүү ажилд шамдан орсон юм.

 

№2 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДӨР "ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН НӨХӨН СЭРГЭЭХ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЗАГВАР ТӨВ БАЙГУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫН СУДАЛГАА"

 

Энэ зорилгоор 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 6 дугаар сарын 21-ний  хооронд Жендэрийн үндэсний хороо, Үндэсний статистикийн хороотой хамтран Жендэр, хүний эрх, нийгэм,  бодлогын баримт бичгийн чиглэлээр үндэсний хэмжээнд судалгаа хийж мэргэшсэн мэргэжлийн судлаач, социологич, н.Амарбал, н.Ууганцэцэг нартай хамтран Эрэгтэйчүүдэд зориулсан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нөхөн сэргээх,  жишиг төв байгуулах хэрэгцээ шаардлагын судалгааг  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар судлаж, жишиг төвийг бий болгох хэрэгцээ шаардлага бий эсэх, түүнийг байгуулах төлөвлөгөө, холбогдох төсвийн тооцооллийг гаргуулах ажлыг хийсэн.

 

№3 2021 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 7-НЫ ӨДӨР "ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН НӨХӨН СЭРГЭЭХ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЗАГВАР ТӨВ БАЙГУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫН СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ"

 

Уг судалгааг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Жендэрийн үндэсний хорооны сургалтын танхимд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулах, ямар байгууллагыг түшиглэж байгуулах талаар хэлэлцэж,  давуу болон сул тал, эрсдэлт  хүчин зүйлс, цаашид анхаарах асуудлыг тодруулан, зохих зөвлөмжийн төсөл гаргах зорилгоор Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, , Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар,  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Монгол өрх сэтгэлзүйн төв, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Эрчүүд, эрүүл гэр бүл төв, Эрчүүд, гэр бүл хүүхэд хөгжлийн нийгэмлэг, Өөрчлөлтийн хөтөч, Өсвөрийн дуудлага, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, Хөгжлийн төлөөх монгол эрчүүд, Зөвлөх үйлчлэл, Аз жаргал, Хүйсийн тэгш эрхийн төв, Эс-Ай-Си-Эй судалгааны компани зэрэг төр, төрийн бус байгууллагуудын төлөөлөллүүдийг оролцуулан хэлэлцүүлсэн.

Нийтлэл хуваалцах