post image

ЖЕНДЭРИЙН АНХАН ШАТНЫ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ БҮСИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, орон нутгийн бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцтай танилцах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)-г хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангах, сургагч багшаар дамжуулан төрийн албан хаагчид болон орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх зорилготой бүсчилсэн сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 12-ноос 05 дугаар сарны 05-ны өдрүүдэд Дархан-Уул, Баянхонгор, Дорнод, Увс аймгуудад зохион байгуулж амжилттай өндөрлөв.

Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” техник туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулсан тус сургалтад 21 аймгийн 108 төрийн албан хаагч эмэгтэй 81, эрэгтэй 27 хамрагдсанаар орон нутаг дахь сургагч багшийн тоо 184 болж нэмэгдлээ.

Мөн Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Азийн сангийн хэрэгжүүлж буй "Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх" төслийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн ажилтнуудад Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны тогтоолоор баталсан "Жeндэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого (2022-2031)", түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга) -д заасан жeндэрийн тэгш байдлыг дэмжсэн эрх зүйн шинэ зохицуулалтуудыг амьдралд хэрхэн хэрэгжүүлж, хэрэглэж байгаа талаарх сайн туршлагын судалгааг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Дархан-Уул, Баянхонгор, Дорнод, Увс аймгийн нийт 104 аж ахуйн нэгжийн 110 (95 эм, 15 эр) захиргаа, хүний нөөцийн ажилтан хамрагдлаа. Сургалтаар жeндэрийн үндэсний шинжээч, зөвлөх, мэргэжилтнүүд аж ахуйн нэгж байгууллагын онцлог хэрэгцээнд нийцсэн жендэрийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулж, хэрэгжүүлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Нийтлэл хуваалцах