post image

ШАЛГАРСАН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Жендэрийн үндэсний хороо нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн албаны болоод олон нийтийн жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, үндэсний чадавхыг бэхжүүлэх хүрээнд 2022-2023 онд жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл (ЖСХ/ГБХ)-ээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөвгүүд, эрэгтэйчүүдийг татан оролцуулах чиглэлээр 51 сургагч багшийг бэлтгээд байна.

Энэхүү үйл ажиллагааг Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслөөс дэмжин ажиллаж байна.

Сургагч багш нар сургалтаар олж авсан онолын болон практик мэдлэг, мэдээллийг шинэлэг, хүртээмжтэйгээр түгээн дэлгэрүүлэх, үр дүнд суурилсан олон талт нөлөөллийн ажил зохион байгуулах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий бичил төслийн уралдааныг зарласнаас 24 багш төслөө ирүүлж, 10 багш /байгууллагаараа/-ийн төсөл шалгарсан билээ.

Энэ хүрээнд Увс аймагт шалгарсан Увсын эрэгтэйчүүд холбооны хийж буй үйл ажиллагаатай Жендэрийн үндэсний хорооны ажлын алба сургагч багш бэлтгэх томилолтын хугацаанд уулзаж нөхцөл байдалтай танилцлаа.

Сургагч багш нар нь 45 хоногийн хугацаанд эрэгтэйчүүдийн жендэр, хүний эрх, ЖСХ-ийн талаарх зөв ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгмийн бүхий л түвшинд, бүх төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд эрэгтэйчүүдийг үр дүнтэйгээр татан оролцуулах, эрэгтэйчүүдэд хүрч нөлөөлөх сайн туршлагыг бий болгох олон талт ажлыг зохион байгуулж ажиллах юм.

 

Нийтлэл хуваалцах